Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ой 2020 онд тохиож байна.
Энэхүү хоёр их ойн хүрээнд олон цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Монголын Геодези, зураг зүйчдийн нэрэмжит талбай, хөшөө”-г байгуулах юм.
Геодези, зураг зүйн салбарынхан өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан, сурталчлан “Монголын Геодези, зураг зүйчдийн нэрэмжит талбай, хөшөө”-г салбарын 60 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй албан хаагчдын хандиваар 130 гаруй сая төгрөг цуглуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа.
Улс орны бүтээн байгуулалтад түүчээлэн оролцдог Геодези, зураг зүйн салбарын албан хаагчид Монгол улсын хилийг геодезийн аргаар тодорхойлж, зураглан Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна батлан хамгаалах, уул уурхай, хөдөө аж ахуй, зам, тээвэр, барилга, хот байгуулалт, байгаль орчин, газрын харилцаа зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг суурь газрын зураг, мэдээллээр хангаж, геодезийн хэмжилтээр баталгаажуулдаг. Түүний нэг томоохон жишээ бол 2019-2020 онд “Шинээр баригдаж буй төмөр зам”-ын бүтээн байгуулалтад 400 гаруй геодезийн инженер, техникийн ажилчид замын бүтээцийн түвшин тогтоох ажилд оролцож, 100 гаруй инженерүүд хяналтын хэмжилт, шалгалтыг гүйцэтгэж байна.
Монголын Геодези, зураг зүйчдийн нэрэмжит талбай нь хүн бүрийн ирэх дуртай газар болно гэдэгт итгэлтэй байна.
ТВ мэдээ